Лоялти систем
Ermuun E
Chief Technology Officer
Шинэ худалдан авагч олох нь хуучин худалдан авагчаа буцааж ирүүлэхээс 5 дахин илүү зардалтай гэдгийг судалгаанууд харуулдаг. Гэтэл онлайн дэлгүүрүүдийн ихэнх нь нэг удаа худалдан авалт хийсэн хүнээ дараагийн удаа ирүүлэх ямар ч механизмгүй байдаг.
Shop.mn-ийн Лоялти хөтөлбөр яг энэ асуудлыг шийднэ. Худалдан авагч тань худалдан авалт бүрээсээ оноо цуглуулж, түвшин ахих тусам илүү хөнгөлөлт эдэлж, цуглуулсан оноогоо ваучер болгон дараагийн захиалгадаа ашиглана. Та бүх тохиргоог өөрийн бизнестээ тааруулан удирдана.
Хэрхэн ажилладаг вэ?
Худалдан авагчийн хувьд хөтөлбөр дөрвөн энгийн алхамтай:
1. Бүртгүүлнэ. Дэлгүүрийн вэбээс бүртгүүлмэгц лоялти данс автоматаар үүсч, та хүсвэл бүртгэлийн урамшууллын оноо олгоно.
2. Оноо цуглуулна. Захиалга бүрээс түвшнийхээ хувиар оноо орно.
3. Түвшин ахина. Жилийн худалдан авалтын дүнгээрээ дээд түвшинд хүрч, илүү их хөнгөлөлт авна.
4. Ваучер болгоно. Цуглуулсан оноогоо мөнгөн дүнтэй ваучер болгож дараагийн захиалгадаа хэрэглэнэ.
Танд хамгийн чухал нь: энэ бүхэн автоматаар явагдана. Оноо олгох, түвшин тооцох, ваучер хасах зэрэг бүх тооцооллыг систем хийнэ.
Түвшин ба урамшуулал
Хөтөлбөрийг идэвхжүүлэхэд Хүрэл, Мөнгө, Алт гэсэн гурван түвшин бэлэн үүснэ. Та түвшний нэр, лого, босго дүнг өөрчлөх, шинэ түвшин нэмэх (хамгийн ихдээ 5), эсвэл устгах боломжтой.
Түвшин бүрд дараах зүйлсийг тохируулна:
Жилийн худалдан авалтын босго: Тухайн түвшинд хүрэхэд шаардлагатай дүн. Жишээ нь: Мөнгө түвшин 500,000₮-с дээш, Алт түвшин 1,000,000₮-с дээш.
Оноо цуглуулах хувь: Хэдэн төгрөг тутамд хэдэн оноо олгох. Дээд түвшний худалдан авагч илүү хурдан оноо цуглуулна.
Сэтгэгдлийн урамшуулал: Худалдан авалт хийсэн бараандаа сэтгэгдэл бичихэд олгох оноо.
Хөнгөлөлт: Тухайн түвшний худалдан авагчид автоматаар үйлчлэх урамшуулал:
Хувийн хөнгөлөлт (жишээ нь: Алт түвшинд 10%)
Тогтмол дүнгийн хөнгөлөлт
Үнэгүй хүргэлт
Хүргэлтийн төлбөрийн хөнгөлөлт
Хөнгөлөлтийг бүх бараанд эсвэл тодорхой бараа, ангилалд үйлчилдэг болгож, зарим бараа, ангиллыг хасаж болно. Тухайлбал, шинэ коллекцоо хөнгөлөлтөөс хасаад, бусад бүх бараанд түвшний хөнгөлөлт үйлчлүүлэх боломжтой.
Оноо хэзээ, хэрхэн олгогдох вэ?
Оноо олгох мөчийг та өөрөө сонгоно. Тохиргоо хэсгээс захиалга ямар төлөвт орсон үед оноо олгохыг тохируулна. Анхны тохиргоогоор захиалга төлөгдсөн үед олгодог ба хүсвэл бэлэн болсон, хүргэлтэнд гарсан эсвэл хүргэгдсэн үед олгодог болгож болно. Захиалга тэр төлөвийг алгасаж дараагийн төлөв рүү шууд орсон ч оноо алдагдахгүй.
Оноо нь худалдан авагчийн бодитоор төлсөн барааны дүнгээс тооцогдоно. Хүргэлтийн төлбөр, ваучер болон бэлгийн картаар төлсөн хэсэг оноо өгөхгүй. Оноо олгогдсоны дараа захиалга цуцлагдвал эсвэл буцаагдвал оноо автоматаар хасагдана, хэсэгчлэн буцаагдвал буцаасан хэсэгт ногдох оноо л хасагдана.
Мөн худалдан авагчийг урамшуулах хоёр нэмэлт эх үүсвэр бий:
Бүртгэлийн урамшуулал: Шинээр бүртгүүлсэн худалдан авагчид нэг удаа олгох оноо. Хөтөлбөрөө нээхдээ анхны урам өгөх хамгийн энгийн арга.
Сэтгэгдлийн урамшуулал: Худалдан авалт хийсэн бараандаа сэтгэгдэл бичсэн худалдан авагчид оноо олгоно. Хэт их урамшуулал олгохоос сэргийлж тодорхой хугацаанд (жишээ нь 30 хоногт 3 удаа) гэсэн лимит тохируулж болно; сэтгэгдэл устгагдвал оноо буцаагдана.
Ваучер, оноог бодит үнэ цэн болгох
Худалдан авагч цуглуулсан оноогоо лоялти хуудаснаасаа хэдхэн товшилтоор ваучер болгоно. Та дараах зүйлсийг тохируулна:
Онооны ханш: 1 оноо хэдэн төгрөгийн ваучер болох.
Хөрвүүлэх доод оноо: Хамгийн багадаа хэдэн оноо цуглуулсан үед ваучер болгож болох.
Ваучерын хүчинтэй хугацаа: Хэдэн хоногийн дараа хүчингүй болох, эсвэл хугацаагүй.
Үлдэгдэл хадгалах: Ваучерын дүн захиалгын дүнгээс их бол үлдэгдлийг дараагийн захиалгад хадгалах эсэх.
Худалдан авагч захиалга хийхдээ "Ваучер" хэсгээс идэвхтэй ваучераа сонгож ашиглах ба купон код шивэх шаардлагагүй.
Лоялти жил
Түвшин нь худалдан авагчийн жилийн худалдан авалтаар тодорхойлогдоно. Жилийн эхлэх огноог та өөрөө сонгоно (жишээ нь 1-р сарын 1). Жил дуусахад жилийн зарцуулалт болон түвшин шинээр эхэлнэ, харин цуглуулсан онооны үлдэгдэл хэвээр хадгалагдана. Хүсвэл жил дууссанаас хойш тодорхой сарын дараа оноо хүчингүй болох тохиргоог идэвхжүүлж болно.
Хямдрал, урамшуулалтай хэрхэн давхардах вэ?
Түвшний хөнгөлөлт нь таны бусад хямдрал, урамшуулалтай зөрчилдөхгүй байхаар бодогдсон. Анхны тохируулгаар илүү ашигтай нь л үйлчилнэ: хямдралтай бараанд түвшний хөнгөлөлт зөвхөн хямдралаас илүү ашигтай тохиолдолд үйлчилж, өөр урамшуулалд хамрагдсан бараанд үйлчлэхгүй. Хүсвэл тохиргооноос хямдралтай болон урамшуулалтай бараанд давхарлан үйлчлүүлэх боломжтой.
Дэлгүүр дээр тань юу харагдах вэ?
Хөтөлбөрийг идэвхжүүлмэгц дэлгүүрийн вэб дээр дараах зүйлс автоматаар гарна:
Цэсэнд "Лоялти" холбоос: Түвшингүүд, урамшууллууд, хэрхэн ажилладаг тухай хуудас.
Худалдан авагчийн профайлд "Лоялти оноо" хэсэг: Онооны үлдэгдэл, түүх, ваучерууд, ваучер болгох товч.
Түвшний хөнгөлөлтөд хамаарах бараан дээр ягаан "−N%" тэмдэг, хөнгөлөлттэй үнэ барааны карт, дэлгэрэнгүй хуудас, сагс, захиалгад харагдана.
Сагс, захиалгын хураангуйд "Лоялти хөнгөлөлт" болон "Лоялти ваучер" мөр.
Захиалга оноо авмагц захиалгын хуудсанд "+N оноо цуглууллаа" мэдэгдэл.
Сэтгэгдэл бичих хэсэгт "+N оноо" тэмдэг.
Бүх загварт (default, pill, dark) бүрэн дэмжигдсэн тул дэлгүүрийн загвараасаа хамаарахгүй шууд ашиглана.
Хэрхэн эхлэх вэ?
Модуль идэвхжүүлэх: Борлуулагчийн панелийн Модуль хэсгээс «Лоялти хөтөлбөр»-ийг идэвхжүүлнэ. (Багцад тань хамаарах эсэхийг тэндээс шалгаарай.)
Түвшнээ тохируулах: Лоялти → Түвшин хэсгээс босго дүн, онооны хувь, хөнгөлөлтөө өөрийн бизнест тааруулна. Түвшний лого зургаа оруулахаа мартуузай.
Тохиргоогоо хийх: Лоялти → Тохиргоо хэсгээс оноо олгох төлөв, бүртгэлийн урамшуулал, онооны ханш, ваучерын дүрэм, лоялти жилээ тохируулна.
Худалдан авагчдадаа мэдэгдэх: дэлгүүрийн баннер, SMS, сошиал сувгаараа хөтөлбөрөө зарлаарай. Лоялти хуудасны холбоосыг шууд хуваалцаж болно.
Худалдан авагч бүрийн данс, гүйлгээний түүх, ваучерыг Лоялти → Хэрэглэгчид хэсгээс харж, шаардлагатай үед гараар оноо нэмж, хасаж болно. Багийн гишүүдийн эрхийг харах / тохиргоо засах / оноо тохируулах гэсэн түвшингээр удирдана.